Total Pageviews

Tuesday, April 30, 2013

Парламент



парламент XII зуунд Англид анх үүссэнээс хойш буюу 700-аад жилийн турш соёлт хүн төрөлхтний төрийн удирдлагын үндсэн механизм болсоор ирсэн бөгөөд ардчиллын амин сүнс болсон институт юм. Дэлхийн бусад орнуудын парламентын дүр төрх Монголынх шиг байдаггүй. Хууль тогтоох байгууллагад ард түмнийг төлөөлөн сонгогдсон парламентын гишүүд ихээхэн үүрэг хариуцлага үүрдэг билээ. Харин Монгол маягийн парламент хаана ч байхгүй дархан эрхтэй, хариуцлага хүлээдэггүй ажээ. Үүний нэг жишээ нь УИХ-аас саяхан баталсан Дэгийн тухай хууль юм. Хууль ч гэж дээ, дэгийн тухай тогтоолын нэрийг нь солих төдийгөөр хууль болгоод баталчихсан юм. Уг нь энэ асуудал дээр ач холбогдол өгч, анхааран үзсэн бол парламентат ёсыг төлөвшүүлэхэд хэрэгтэй эрх зүйн акт болох байсан авч УИХ-ын гишүүд ч, УИХ-д суудалтай намууд ч, хэвлэл мэдээллийнхэн ч тэр анхаарч үзсэнгүй. Ёстой л “нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчээр болж өнгөрлөө. УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн шаардлагаар дэгийн тухай тогтоолыг хууль болгон өөрчлөх шаардлагатай болсон юм. Улмаар УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэнгээр ахлуулсан УИХ-ын Дэгийн тухай хуулийн ажлын хэсэг байгуулсан билээ. УИХ-ын гишүүд дэгийн тухай тогтоолоо нэрийнх нь хувьд л хууль болгож өөрчлөөд агуулгын буюу парламентын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй гишүүдийн хурал таслалт, хоцролт, ёс зүйн алдаа гаргах зэрэгт тооцох хариуцлагыг бий болгох зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг хийсэнгүй. УИХ дахь дэгийн асуудал задгай байгаагаас төрийн гол механизм болсон хууль тогтоох үйл ажиллагаа доголдсоор ирлээ. Сонин уншиж, өөр хоорондоо хууч хөөрсөн, нэг бол залхуу нь хүрч эвшээн суух эрхэм гишүүдийн дүр төрхөд олон нийт ч дэндүү дасч, парламент гэдэг ийм байдаг гэж үзэх болов. Чухамхүү УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй, мэдлэг боловсролгүй байдал нь олон нийтийн дунд парламентын нэр хүндийг унагааж байгаа юм. Дэлхийн бусад орнуудад парламентын дэгийг нарийн зохицуулсан байдаг. Ихэнх улс орон дэгийн асуудлыг тусгай хууль батлалгүйгээр парламентын дотоод журмаар зохицуулдаг бөгөөд ингэхдээ дэгийн асуудал хариуцсан тусгай хороо ажиллуулдаг байна. Харин Грек, Испани зэрэг улсын парламентад дэгийн тухай хууль үйлчилдэг. Парламентын дэг гэдэгт чуулган болон байнгын хороодын хуралдааныг зохион байгуулах, ирц бүрдүүлэх, хуралдаанаар хууль болон парламентын бусад шийдвэрүүд, тодорхой асуудлыг хэлэлцэх, саналт хураалт явуулах, асуудал хэлэлцэх үеийн журам гэх мэт асуудлууд ордог юм. Монгол улсын хувьд парламентын хуралдааны дэгийн асуудлыг Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиудаар зохицуулсан байна. Дээр дурьдсан хуулиудад Монгол улсын парламентад дэг сахиулах үүргийг УИХ-ын дарга болон дэд даргад хуваан оногдуулсан хэдий ч нэлээд зөрчилтэй байдаг. УИХ-ын тухай хуулийн 12.4.3-д УИХ-ын дэд дарга ” Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Харин 11.1.3-д УИХ-н дарга “нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох; 11.1.17-д “хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Байнгын хороодод харьяаллаар нь хуваарилах” нь УИХ-ын даргын бүрэн эрх гэж заасан байдаг. Харин улс орнуудын парламентын дэгийн тухай хууль, журмуудад гишүүн хуралдаанаас хоцорвол хэрхэн хариуцлага тооцох тухай заалт байдаггүй.. Уг нь УИХ-д дэгийн тухай хууль гэж байсан юм. 1997 онд буюу “Ардчилсан холбоо” эвсэл эрх барьж байх үедээ “УИХ-ын дэгийн тухай хууль”-ийг батлан гаргаж мөрдөж байсан билээ. Гэвч 2001 онд МАХН үнэмлэхүй олонх байх үедээ “УИХ-ын тухай хууль”-ийг шинэчлэн найруулж батлахдаа “УИХ-ын хуралдааны дэгийг УИХ-ын тогтоолоор батална” хэмээн зааж дэгийн тухай хуулийг хүчингүй болгосон юм. Тийм учраас өнөөдөр УИХ-ын чуулган, хуралдааны явцад аливаа маргаан гарах, гишүүн хурал удаа дараа таслах зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл биш болон хувирч ямар ч шийтгэлгүй өнгөрч байна. Дуртай үедээ хуралдаа ирж, дургүй нь хүрвэл улс дамжин зугаалж, амин хувийн ажлаа амжуулна. Парламентад хууль тогтооно гэдэг бол тэдний хувьд үндсэн ажил нь биш. Аливаа хууль бол нийгмийн тодорхой харилцааг зохицуулдаг, ингэхдээ уг зохицуулсан хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд оноох хариуцлага буюу санкцийг агуулж байх ёстой. Өөрөөр хэлбэл санкцгүй бол хууль биш гэсэн үг. Тэгвэл энэ шалгуураар өнөөгийн УИХ-ын дэгийн тухай хуулийг “хууль” гэж үзэх боломжгүй юм. УИХ-ын дэгийн тухай хуулийн 4.1-д “ Чуулганы үеэр нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт өглөө 10 цагаас, үдээс хойш 15 цагаас эхэлнэ” гэсэн заалт байна. Харин хуралдаанд хожимдсон бол ямар хариуцлага хүлээлгэх тухай ямар ч зүйл алга. Мөн 4.8-д “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно” гэчихээд хэрэв хурал тасалбал ямар шийтгэл оноох тухай заалтыг санаатай юмуу, санамсаргүйгээр орхигдуулсан байх юм. УИХ-ын гишүүд өөрсдийн эрх янмба, эдлэх хангамжаа хуулиндаа нарийн тодорхой зааж өгч, хууль, шүүхээс дээгүүр эрхтэй. Дэлхийн улс орнуудын парламентад дэг зөрчсөн гишүүнд тооцох хариуцлагыг нарийн тодорхой томьёолсон байдаг. Тухайлбал, Герман, Их Британи, Франц зэрэг ихэнх улсуудад хуралдааны үед бусдыг үг хэлээр доромжлох, спикерээс олгогдсон үг хэлэх хугацааг хэтрүүлэх гэх мэтээр дэг зөрчвөл сануулга өгөх, үг хэлэх эрхийг нь хасах, танхимаас гаргах, ноцтой зөрчилд 5-30 хүртэл хоногоор парламентын чуулганд оролцох эрхийг нь хасах арга хэмжээ авдаг юм.. Мөн Испанид дэг зөрчсөн гишүүдэд мөнгөн торгууль ногдуулдаг юм. Харин манай УИХ-ын дэгийн тухай хуулийн 8.1.3-д “хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлэх буюу асуулт тавих, энэхүү эрхээ эдлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь басамжлах, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, өөрийн саналыг дэмжүүлэх буюу бусдын саналыг үгүйсгэх зорилгоор шахалт үзүүлэх, хүч хэрэглэх зэрэг гишүүний ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргахгүй байх” гэснээр л хязгаарлагдаж үүнийг зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэхийг мөн орхигдуулсан байна. Үндэсний соёл, уламжлалаас хамаарч зарим улс орны парламентын дэгд өвөрмөц журмууд байдаг. Тухайлбал, Японы парламентад гишүүд зөвхөн хууль тогтоох үйл ажиллагаанд л анхаарлаа хандуулах ёстой гэж үзэн хуралдааны үеэр тараасан материалаас өөр зүйлс буюу ном, сонин унших, тамхи татахыг хориглосон байдаг. Мөн гадуур хувцас, малгай, шүхэр гэх мэтийг авч орохыг хориглодог юм. Парламентын гишүүний хуралдаанд үг хэлэх, хэлэлцүүлэгт оролцох журмыг их нарийн тодорхойлсон орнууд бий. Франц, Ирланд зэрэг улсад гишүүн үг хэлэхдээ заавал амаар илтгэх үүрэгтэй бөгөөд бичсэн зүйлээ уншихыг хориглодог. Германы Бундестагт гишүүд зөвхөн спикерээс зөвшөөрөл авсан тохиолдолд л бичсэн зүйлээ уншиж болдог байна. Парламентын дэгийн дараагийн нэг асуудал нь чуулганы хуралдааны үргэлжлэх хугацаа юм. Дэлхийн жишгээс харахад парламент хууль тогтоох үйл ажиллагаа тасралтгүй байх ёстой гэсэн зарчмаар ихээхэн ачаалалтай ажилладаг юм. Улсуудын парламентын чуулганы үргэлжлэх хугацааг ихэвчлэн хуулиар тогтоодог ч тухайн чуулган бүрийн үргэлжлэх хугацаа өөр өөр байж болдог юм

No comments:

Post a Comment